1266 онд Алтан Ордны улсын хан Менгу-Төмөр генуячуудад Крымийн хойгт худалдаа хийх зөвшөөрөл олгосноор Каффа хотын хөгжлийн суурь тавигджээ. Италийн худалдаачид татварын хөнгөлөлт эдэлж байсан ч улс төрийн хувьд хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байв. 1307 онд гарсан мөргөлдөөний улмаас хот сүйрсэн ч 1312 онд дахин сэргэж, XIV зууны дунд үе гэхэд бэхлэлт бүхий томоохон боомт болон өргөжсөн байна. Тус хотод италичууд захиргааг гартаа барьж, армян, грек, татар, еврей зэрэг олон үндэстэн эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцдог байв. Олон соёл, шашин, хэл нэг дор төвлөрсөн Каффа нь тухайн үеийн худалдааны чухал төвүүдийн нэг байсан юм.
Source : Caak.mn
Photo : Caak.mn



